Аяллын хөтөч тайлбарлагч мэргэжил болох нь

By February 20, 2017home, блог

“АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ”-МЭРГЭЖИЛ БОЛОХ НЬ 

Tulga photos for Ishee's blog

Сүүлийн үед АЖ салбар доройтлоо хумигдлаа гэдэг яриа их гарах боллоо. Олны үг ортой гэдэг яах аргагүй АЖ аас олох орлого хаана хаанаа багасаад байна. Энэ байдал юунаас болоод байна. Статистик харахаар Монголд ойролцоогоор жил болгон 100-110 мянган жуулчин АЖ ын зорилгоор ирж байгаа тоо гардаг бөгөөд энэ тоо сүүлийн үед төдийлөн буураагүй байдаг. Тэгвэл энэ салбарынхан маань яагаад АЖ хумигдлаа багаслаа гээд байна вэ?

  • Уул уурхай дагасан эдийн засгийн огцом өсөлт дотоодын инфляцийг хөөрөгдөж үүнийг дагаад Монгол орон зорих газрын хувьд үнэтэй destination болсон.
  • Уул уурхайн салбарлуу АЖ-н боловсон хүчин ихээр шилжин орж байна.
  • Улс орны эдийн засагт дорвитой орлого оруулдаггүй хувиараа аялагчид буюу бидний нэрлэж заншсан үүргэвчний аялагчдийн тоо нэмэгдэж харин зохион байгуулалттай аялагчдын тоо өсөөгүй харин ч буурсан.

Үүргэвчний гэж нэрлээд байгаа аялал нь өөрөө сөрөг нөлөө ихтэй.

❖Эдийн засгийн үр өгөөж багатай

❖Байгаль орчинд сөрег нөлөөтэй

❖Уламжлалт соёл ахуйд үзүүлэх сөрөг нөлөөлөл ихтэй

АЖ-г салбарын хэмжээнд дээш нь татах шаардлага байна. Яагаад:

❖ АЖ бол нөхөн сэргээгдэх баялаг байхад харин уул уурхай шавхагдах баялаг

❖ Монгол орон одоо хүртэл дэлхийн зах зээл дээр танигдаж амжаагүй шинэ орон шинэ АЖ ын зорих газар. Өөрөөр хэлвэл Монгол дэлхийн хэмжээнд танигдаад эхэлвэл Монголд аялах жуулчин хангалттай байна гэсэн үг. Ялангуяа дэлхийн АЖ ын зах зээл уламжлалт жуулчлалаас аль болохоор зайлсхийж шинэлэг орон зай шинэ зорих газрыг идэвхитэйгээр хайж байгаа өнөөгийн энэ цаг үед энэ боломж улам илүү бодитойгоор оршиж байна.

❖ АЖ өөрөө Монгол орныг эерэгээр сурталчлах маш сайн сурталчилгаа болж өгдөг.

❖ Энэ салбарт одоо ажиллаж амьдралаа тэтгэж яваа цөөнгүй тооны хүмүүс байгаа бөгөөд тэд нар цаашдаа энэ салбартаа ажиллаж амьдралаа аваад явах зүй ёсны шаардлага байна.

За тэгвэл энэ салбараа яаж өөд нь татах вэ?

Бидний зүгээс хамгийн түрүүнд мэргэжлийн боловсон хүчнээ нэн даруй анхааралдаа авах цаг болсон гэж үзэж байна. Та бүхэн бодож байж магадгүй дэд бүтэцээ яах билээ, гадаад зах зээл дээрх сурталчилгаа юу болох юм эдгээр зүйлс чинь чухал шүүдээ гэж. Бид ч гэсэн үүнийг үгүйсгээгүй гэхдээ энэ талын ажилууд эдийн засгийн хөгжлөө дагаад тодорхой хэмжээнд шийдэгдээд явчихна.

Харин манай салбарын боловсон хүчний асуудлыг бид одооноос дорвитойгоор ярилцаж, бодлого барьж шийдвэрлэхгүй бол оройтох гээд байна. Тэр дундаа аяллын хөтөч тайлбарлагч нар. Аливаа нэгэн улс орныг зорин ирж байгаа жуулчидад хамгийн ихээр ойртож нүүр тулан ажилладаг хүн бол яахын аргагүй аялалын хөтөч тайлбарлагч (АXT) юм. АXT ын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн хандлагаас тухайн аялалын амжилт шууд шалтгаалж байдаг. Сайн АXT хүн аялалын үед тохиолдох аливаа нэгэн саад бэрхшээлийг адал явдал буюу adventure болгон хувиргаж эерэг сэтгэгдэл үлдээх чадвартай байхад саар нэгэн нь энгийн нэг стандарт аялалыг хар дарсан зүүд мэт болгон нураасан тохиолдолууд цөөнгүй байгаа. АЖ-ын компаниудын асар их хүч хөрөнгө, цаг хугацаа заран байж олж ирсэн жуулчдад бүтээгдэхүүнийг эцсийн байдлаар хүргэн, тухайн нэгэн байгууллагаа цаашлаад Монгол сайхан эх орноо төлөөлөн буй энэ АXT гэдэг хүмүүс маань өнөөдөр ямархуу түвшинд байна вэ?

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд АXT аар ажиллаж байгаа хүмүүсийн ихэнхийг насны хувьд маш залуу, дөнгөж их дээд сургууль төгссөн болон эсвэл оюутан хүмүүс зонхилж байна. Яахав эдгээр АXT аар ажиллаж байгаа хүмүүст давуу талууд бас бий:

❖ Эрч хүчтэй: Ялангуяа идэвхитэй хэлбэрээр амарч аялж яваа жуулчдын хувьд энэ чанар ихээхэн нийлэмжтэй байдаг.

❖ Өөдрөг:

❖Сэтгэлгээний чөлөөт байдал: Харьцангуй төлөвшиж байгаа оюун ухаан гэдэг талаасаа аливаа юманд илүү нээлттэй хандах чөлөөтэйгээр сэтгэх нь тухайн зүйлсийг ямар нэг зүйлд хязгаарлагдалгүйгээр харах боломжийг олгодог.

Гэхдээ эдгээр АXT нарын дунд нийтлэг ажиглагдаж байгаа дараах сул талууд давамгайлаад байна. Үүнд:

  • Мэдлэг хангалттай бус
  • Түүх, газар зүй, археологи, палентологи гэх мэтийн ерөнхий эрдмийн мэдлэг хангалттай бус байдгаас жуулчидад хүргэж байгаа мэдээлэл нь үнэн зов, оновчтой, баримттай бөгөөд сонирхолтой байж чаддаггүй.
  • Монголын уламжлалт ахуй, нүүдлийн соёл иргэншлийн талаарх мэдлэг дулимаг үүнээс үүдэж Монгол ахуй, зан заншлаа бүрэн ойлгуулж чадахгүй байх тэр ч байтугай андуу ташаа мэдээлэл өгөх байдал ажиглагддаг.
  • Мэргэжлийн ур чадвар бүрэлдээгүй
  • Өөрт байгаа мэдээллээ бусдад зов, оновчтой, хүртээмжтэй өгөөжтэй хэлбэрээр хүргэх XT ын үндсэн ур чадвар дутмаг, үүнд АXT-ын зохистой хувцаслалт гадаад үзэмжээс авхуулаад дуу хоолой, нүдний харц харилцаа, биеийн дохио зангаа гэх мэт ур чадварууд дутагдалтай байдаг.
  • Амьдралын хар ухаан суугаагүй

Аялалын явцад зайлшгүй удирдан зохион байгуулагч байх шаардлага АXT ын хувьд гардаг бөгөөд нас залуу амьдралын туршлага багатай АXT ын хувьд энэ тал дээр туршлага дутах арга ухаан эвээр шийдэх ёстой асуудалд учир дутагдалтай хандах зарим тохиолдолд огт мэдрэхгүй байх зэрэг асуудлууд гардаг.

Дээрх сул талуудыг бий болгож байгаа хүчин зүйлсэд дараах нөхцөл байдлууд нөлөөлж байна гэж үзэж байна.

Монгол орны хувьд аялал жуулчлал нь улирлын шинж чанартай байдаг бөгөөд зуны гуравхан сараар хязгаарлагдаж байдаг. Энэхүү богино хугацааны улирал нь АXT тогтвортой ажлын байр, тогтвортой орлоготой байх боломжийг асар ихээр хязгаарлаж амьжиргааны тогтвортой эх үүсвэр болж чаддаггүй. Ингэснээрээ тухайн АXT хүн энэ чиглэлээрээ дагнан ажиллах, мэдлэг чадвараа дээшлүүлэх, туршлага хуримтлуулах боломжийг олгож чадахгүй байна.

Тийм ч учраас АXT-ын ажлыг насны хувьд харьцангуй залуу оюутан болон дөнгөж сургууль төгссөн хүмүүс хийх нь түгээмэл байгаа бөгөөд эдгээр залуучууд тодорхой хугацааны дараа (2-5 жил) өөр тогтвортой ажил хийх амьдралын шаардлаганд захирагдах хандлага зонхилж байна. Сүүлийн үед шинээр түрэн орж ирж байгаа уул уурхайн салбар эдгээр хүмүүсийн дунд түгээмэл сонголт болоод байна.

Ур чадварын дутагдалтай байдал. Хэдийгээр Монгол улсад АЖ ын чиглэлээр сургалт явуулж байгаа их дээд сургуулиуд нэлээдгүй байгаа боловч чухам яг АXT хүнд хэрэгтэй үндсэн шаардлага болох ур чадварыг хөгжүүлэх тал дээр хангалттай сургалт болон дадлагын ажилууд явагдахгүй байна.

АXT-ын ажил үүрэг гүйцэтгэхэд шаардагдах үндсэн шалгууруудыг бүрэн дүүрэн үнэлээгүй байгаа байдлаас болоод ямар нэгэн гадны хэл эзэмшсэн л бол АXT гэсэн өрөөсгөл ойлголт одоо хүртэл зарим нэг АЖ байгуулагууд дотор байсаар байна.

Дээрх үндсэн шалтгаануудын улмаас өнөөгийн АXT нар мэргэжлийн гэх тодотгол авах боломж нь бүрдээгүй байна гэж үзэж байна. Гэтэл эдгээр АXT нар мэргэжлийн байх зайлшгүй шаардлага байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Тэгвэл мэргэжлийн байх энэ шалгуурыг хэрхэн хангах вэ?

  • Сургах, давтан сургалт явуулах
  • Аяллын аль нэг төрлөөр мэргэшүүлэн бэлтгэх
  • Мэргэжлийн индекстэй болгох
  • Мэргэжлийн хариуцлага, ёс суртахууны хэм хэмжээг тодорхойлж өгөх.
  • Нийгмийн асуудлыг шийдвэрлэх. Үүнд: даатгал, хөдөлмөр хамгаалалт,
  • ОУ-н жишигт нийцсэн стандарт зэрэглэл тогтоож, цалин хөлсний доод хэмжээг нь санал болгох.

Mongolian Tour guides

Дээрх зүйлийг хэрэгжүүлж чадсанаар АХТ-н ажлын нэр хүнд өснө, эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ, цаашилбал үндэсний төдийгүй олон улсын хэмжээний АXT, аялалын ахлагч болж чадна. Жишээ нь Дундад Ази, Санкт-Петербург- УБ-р дамжин Бээжин, цаашаа Төвд хүртэл жуулчин авч явж байгаа монгол хөтчүүд байна.

Энэ саналыг ажил хэрэг болгоход МАЖХТХ нь ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

❖ Тус хөтөчийн холбоог үүсгэн байгуулж өнөөг хүртэл авч яваа хүмүүс маань Дэлхийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоодын Нийгэмлэгийн (WFTGA) сургалтанд хамрагдаж ОУ стандартад нийцсэн хөтөлбөрийн дагуу АXT бэлдэх сургалтын сургагч багшаар бэлтгэгдсэн, энэ салбартаа 15 аас дээш жил тогтвортой ажилласан мэргэжлийн баг байгаа.

❖ Сүүлийн 10 жилийн турш хот, хөдөөгүй АXT ын ур чадвар олгох сургалтыг хувь хүмүүс, төрийн болон хувийн АЖ байгууллагууд мөн түүнчлэн ОУ ын байгууллагуудад явуулж өндөр үнэлгээ авсан үр дүн нь амьдрал дээр батлагдаж байгаагийн нэг тод жишээ гэвэл өнөөдөдр АXT ын ажилыг амжилттайгаар хийж байгаа хүмүүсийн дунд манай төгсөгчид нэлээдгүй хувь эзлэн оршиж байна.

Энэ тал дээр төрийн зүгээс бодлого зохицуулалт болоод удирдлагаар хангаж, АЖ ын байгууллагууд хамтран ажиллан дээр нь санхүүгийн дэмжлэг бололцоогоор хангасан тохиолдолд МАЖХТХ өнгөрсөн жилүүдийн туршлага ололт амжилтан дээрээ тулгуурлан олон улсын стандартад нийцсэн сургалтыг явуулах бүрэн боломжтой байгаа гэдгээ энэ завшааныг ашиглан илэрхийлэхийг хүсэж байна.

Б.Ишбалжир