ЖУУЛЧНЫ ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ ХИЙГЭЭД ЯВААД БАЙНА УУ? АЛЬ ЭСВЭЛ ЖУУЛЧДЫН “ҮРГЭЭЛГЭНД” ЯВАХ ГЭЖ БАЙНА УУ?

МХТХолбооны менежер М.Нарангэрэл

Салбарын нэг эгч надаас дээрх асуултыг асуулаа.  Миний бие энэ салбарт ажиллаад 17 хон жил болж байгаа ч тууштай сургалтын хэсэгт ажиллаа. Ингээд Аяллын хөтөч тайлбарлагч / АХТ / ажиллах сонирхолтой байгаа эсвэл ажиллаж байгаа хирнээ нэг л болж өгөхгүй байгаа хүмүүст хэрэг болох болов уу гээд дараах зүйлсийг бичлээ.

Та АХТ аар  ажиллахдаа юуг анхаарах ёстой вэ?

Таны гадаад хэлний ур чадвар 

Харамсалтай нь ихэнх гайдууд маань хамгийн чухал энэ үзүүлэлтийг орхигдуулдаг. Мэргэжлийн сургалт явуулах газрын хамгийн эхний шалгуур бол хэлний ур чадварыг нь тогтоон сургалтын явцад сайжрах хандлага байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй юм. Олон улсын сургалтын стандарт хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тухайн хэл дээр хийгддэг  дадлага хичээлүүдэд оролцоход таны гадаад хэлний үгийн баялаг дунд болон дунджаас дээгүүр түвшинд байх хэрэгтэй юм. Шинээр гайд болох хүсэлтэй хүмүүсийн дунд дүрэм болон бичгийн ур чадвартаа арай илүү мөртлөө ЯРИХ, олны өмнө гарах тал дээр бүрэг ичимхий , өөртөө итгэлгүй байдалтай байдаг нь ажиглагддаг. Энэ бол маш богино хугацаанд өөрчлөгддөг тул үүнээс санаа зовох хэрэггүй юм. Зарим нь бас хэт энгийн үгээр яриад сурсан байдаг ба энэ ч бас явцын дунд цэгцэрдэг. Гадаад хэлний ур чадвараа  эхлээд сайжруулах нь үр дүнтэй.

Таны ерөнхий мэдлэгийн түвшин

Эх орноо төлөөлөх гэж байгаа гээд дотроо бодоод үз дээ. Жаахан түгшүүртэй байдаг. Учир нь та урьд нь дандаа энэ бүхнийг хийж байгаагүйн дээр магадгүй таны мэдээлэл мэдлэг болж бэхжээгүй ч байж болох юм. Энэ бол хэлний мэдлэгээ сайжруулахын хажууд бас харьцангуй хялбар, арга зам ихтэй. Тухайлбал та өөрийн эх орныхоо талаар баталгаатай эх сурвалжтай түүх, соёл, шинжлэх ухаан, шашин, ахуй амьдралын онцлог бүхий ном сонин сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээл, баримтат кино, нэвтрүүлэг зэргийг системтэйгээр цуглуулан өөрийн болгож эхлэх хэрэгтэй. Өөрийгөө тухайн зүйлийн талаар ЯРЬЖ байгаагаар , тухайн үйл явдалд ОРОЛЦОЖ байгаагаар, яг дэргэд нь байгаагаар ТӨСӨӨЛЖ чадвал ЯАНАА гэх айдасгүйгээр цэгцтэй бэлдэж болдог. Энэ ерөнхий мэдлэгийн талаарх сургалтанд сууж бас болно. Гэхдээ энэ нь тухайн ярих сэдвийн чинь талаар чиглүүлэх мэдээлэл өгөх сургалтууд байдаг бөгөөд хэдхэн цагийн мэдээлэлд ханаж болохгүй юм. Ихэнх гайдууд ЧИГЛҮҮЛЭХ сургалтанд суусныгаа гайдын сургалтанд суучихлаа гэж эндүүрээд байдаг. Нүүдлийн ахуйгаа ойлгохгүйгээр ямар ч тайлбар чинь урагш ахихгүй. Тэгдэг ингэдэг биш.  Яагаад гэдгийг л МЭДЭЭЛЛЭЭД өнгөрөх биш МЭДРҮҮЛЭЭД буцаавал сайн.

 

Таны харилцааны ур чадвар

Аялал жуулчлалын бизнес бол үйлчилгээний салбарт хамрагддаг ба нийтлэг байх ёстой ур чадварууд дээр таны хир зэрэг логик сэтгэлгээтэй, зан төлөвийн хувьд уян хатан, шийдвэр гаргах , нийтэч, хамгийн гол нь хүлээцтэй байж чадахаас шалтгаалан нэмэлт характеруудыг шаардаж байдаг. Энэ нь хүн бүр адилгүй гэсэн зарчим дээр үндэслэдэг ба та олон орны өөр өөр газар өсөж торнисон, боловсрол эзэмшсэн, шашин шүтлэгийн хувьд ч , амьдралыг үзэх үзлийн хувьд ч  тэс өөр хүмүүсээс ирэх аливаа нэгэн ҮЙЛДЭЛД мэргэжлийн зөв хандлага гаргах ур чадвар эзэмшсэн байхыг танаас шаарддаг амаргүй бизнес юм. Энэ бүхнийг өөртөө цогцлоохын тулд энэ бизнесийн амин гол зарчмуудыг мөрддөг мэргэжлийн чиг хандлагатай байх явдал юм. Энэ бол бизнес , энэ бол ажил хэрэг гэж ач холбогдол өгөх. Хэлний чадвараа дээшлүүлж байгаа туршилтын газар биш гэрээтэй, хариуцлагатай, хүний амь нас хариуцаж сайхан аялуулсныхаа төлөө цалин авч байгаа хөдөлмөрийн харилцаа шүү дээ. “Хэн сайн үйлчилнэ тэр ажлын байртай”

Таны судалгаа болон эргэцүүлэл дүгнэлт хийх чадвар

Өөрийн үйлчлүүлэгчээ урьдчилан судлах нь ажлын 50 % ийг шууд хөнгөлдөг. Ингэхийн тулд жуулчдын сэтгэл зүйг судлах тандах, ажиглалт хийх, энэ чиглэлийг чөлөөт цагаараа байнга судлаж байх хэрэгтэй юм. Тухайн орныг тэр чигээр нь судалдаг л гэхэд болно. Орон орны соёлын ялгаа бол хамгийн их судлах зүйлийн чинь нэг юм. Тэдний алдартай уран зураг, түүхийн бүтээлүүд, үндэсний баатрууд, амьдралын хэв маяг зэрэг нь голчлон сонгодог зохиол, кинонуудаар нь илрэхээс гадна өөрсдөөр нь яриулах ч бас нэг арга юм. Мэдээж бусдыг судлахын зэрэгцээ өөрийнхийгөө бас харьцуулаад явчихбал ч ярих юм олдохгүй байхаас илүүтэйгээр аяллын хоногт нь багтахгүй л их мэдээлэл солилцох боломжтой юм. Мөн аяллын төрлүүдийг их сайн ойлгож зохицох хэрэгтэй юм. Үүргэвчтэй аялалд явж байгаа хүн зохион байгуулалттай багц аялал худалдан авалт хийсэн хүнээс мэдээж ялгаатай. Хөгжиж байгаа орон юмдаа гээд ядмаг үйлчилгээг чинь дуугүй өнгөрөөснийг би болоод байна гэж бодож ихэнх нь СУРАХ, ХӨГЖИХӨӨ зогсоодог.

Таны зохион байгуулах, асуудал шийдвэрлэх ур чадвар

АХТ хүн бол гадаад хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, аяллын хөтөлбөрийг гардан зохион байгуулдаг хүн тул аливаа бэрхшээл саадыг даван гарах шийдвэрлэх хэмжээний ур чадвар мэдлэгтэй байх ёстой.  Тэгэхээр компаны засаглалын түвшинд ямар түвшний менежерийн хэмжээнд байна ?  Монголд хийгдэж байгаа ихэнх аяллууд алслагдмал , шуурхай удирдлагаар хангахад хүндрэл ихтэй эрсдэлтэй нөхцөлд явагддаг. Их дээд сургуулийн 1, 2-р курсын оюутан шууд л хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгө, бизнесийн ирээдүйтэй нь холбоотой  шийдвэр гаргах түвшний хүн болж ирж байгаа биз? Гэхдээ сайн хичээнгүй залуус энэ бүхнийг зүтгэлээрээ туулаад гараад ирдэг. Жуулчид нь сэтгэл хангалуун байдаг. Гол нь өөрийнхөө юу хийх гэж байгааг сайн ойлгосон  байхад асуудлыг шийдвэрлэх чадвар хүн бүрт байдаг.

Таны багаар ажиллах ур чадвар

Монгол орны эрс тэс уур амьсгалын хүчин зүйлээс болоод маш богино хугацаанд үндсэн ажлаасаа өөр ажил түр хийж байгаа боловсон хүчинтэй ажиллана. Тэд хариуцлага алдвал түр ажлаа л алдана. Эсвэл өөр компанид очоод орчихно. Компаны удирдлага ложистикийн чиглэлд олон хүн авч ажиллуулах боломж хомс тул бүх зүйл АХТ ийн ур чадвараас шалтгаална. Нэг ёсондоо богино хугацаанд баг болгож ажиллуулах үүргийг хир сайн биелүүлснээс ажлын үр дүн гарна. Ганцаарчилсан тоглолт байхгүй. Зуны туршид нэг багтайгаа байх боломж  хомс тул чамайг мэргэжилдээ хир сайн бэ гэдгээс чинь бусдын хүндлэл, хүлээн зөвшөөрөлт ирнэ. Чи үлгэр жишээ, асуудлыг урьдчилан харах чадвартай байхгүй л бол цаг барихгүй байх, үгэнд чинь орохгүй байх зэрэг дарамтууд ирж эхэлдэг. Бөөн үл ойлголцол болоод жуулчнаа халамжилж чадахгүй буцаана. Багийн тоглолт, дүрэмд суралцах шаардлагатай болж ирнэ.

Таны хувийн зохион байгуулалт

Жуулчны улиралд эрт босож, цагтаа унтаж, өвдөхгүй, ачаалал даадаг байхыг чамаас шаардана. Та аяллын улирал эхэлмэгц яваад хаагдахад бууна гэж тооцвол дор хаяж 80 хоног гэрээсээ хол байна. Янз бүрийн газруудаар байнгын явуулын байхад чиний эрүүл мэнд, сэтгэл санаа, ар гэр чинь асуудалгүй байхаас гадна. Энэ ажлыг эхлэхээс өмнө хир сайн бэлдэж чадна төдий чинээ эрсдэл бага гарна. Эрүүл мэнд, боловсрол, цаг барих, биеэ сайхан авч явахыг аялал эхлэхээс өмнө бэлдсэн байх. Унших судлах, үзэх харах зүйлсийнхээ талаар баримжаа гаргаж судална. Аялалд явж байх зуур тэмдэглэл хөтлөх, мэдэхгүй зүйлээ өөрийн болгож авах зэргээс бусдыг бусад саруудад төлөвлөж хийж сурна.

Таны ажлаа ойлгосон байдал

Ихэнх хүмүүс Аяллын Хөтөч Тайлбарлагчийг урт нэрнээс нь болоод юмуу, анх тэгэж дуудаад сурсандаа ч тийм юмуу ОРЧУУЛАГЧ гэж дууддаг. Энэ нь шууд энэ хүний ажил үүргийг хязгаарладаг. Орчуулга л хийгээд байх юм. Тайлбарлах таниулах, зохион байгуулах, мэдээлэл өгөх зэргийг балартуулсан энэ нэр томьёог компаниуд ашиглахаа болих хэрэгтэй юм. Хийх ажил үүргийн талаар нэгд нэгэнгүй тайлбарлаж өгдөг газрууд цөөн байгаагаас ихэнхдээ сургалтанд суусан гэхээр нь мэдэх байх гэсэн найдлага тавиад аялалд гаргадаг. Аялал эхлэхээс өмнө, аяллын явцад, аяллын төгсгөлд гэсэн үндсэн зарчимаар ажлаа төлөвлөхөөс л бүх зүйл эхэлнэ. Сургалтаар энийг нарийн хуваарилаж зааж чиглүүлж өгдөг. Орц технологийг нь хүртэл. Яг л үсчин болох гэж байгаа хүнд яаж хайч самаа барихыг заадаг шиг. Сураагүй хүнээс үр ямар үр дүн гарах нь ойлгомжтой юм.

Дээрхээс харахад энэ бүхэн хийхэд хэцүү санагдаж байгаа ч олон олон залуус эдгээр зүйлсэд суралцан эх орноо төлөөлөн ажилласаар л байгаа билээ. Аяллын хөтөч тайлбарлагч бол өндөр ур чадвар бүхий мэргэжил бөгөөд та үүнийг мэргэжлийн сургалтанд хамрагдсанаар олж авах бүрэн боломжтой юм.

Мөн та сургалтанд хамрагдсаны үр дүнд “ӨӨРИЙГӨӨ ДАЙЧЛАХ” чадвар  гэж хамгийн чухал хандлагаа та сэрээх болно. Та “би чадахгүй байх” гэхээсээ илүү би эндээс юуг сурч болох талаар сайн бодож үзээрэй. Богино хугацаанд өндөр цалинтай ачаалалтай ажиллах хэдий ч таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж аливаа бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэгч болон төлөвшдөг ба дэлхий даяар тархсан найз нөхдийн сүлжээнээс гадна  өөрийн эх орныг хайрлах, бахдах, хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй болсноо мэдэрнэ.

Амжилт хүсье та бүхэндээ,

Хүндэтгэсэн:

МХТХолбооны менежер М.Нарангэрэл

Leave a Reply